===PDF PAGE 1=== 278 ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ XVII (49) боть 2024 Жүжгийн зохиол дахь дүрийн хэл ярианы далд, гүн утга (Д.Урианхайн сэтгэл зүйн драмууд дахь гүн ухааны хөөрөлдөөний жишээн дээр) Дэмбэрэлсүрэнгийн ЦЭВЭЭНДОРЖ * Монгол Улс, ШУ А-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын ЭШТА, доктор (Ph.D) Товч агуулга: Яриан болон дуулалт жүжиг, дуурьд харилцан тоглогчдын хэл яриа голлодог бол Д.Урианхайн сэтгэл зүй, эмгэнэлт, гүн ухааны жүжгүүдэд баатрын хэл яриа бусад зохиолчдын энэ төрлийн бүтээлүүдээс далд утгат гүнзгий агуулгаар ялгарч байна. Түлхүүр үгс: Д.Урианхай, жүжиг, дүр, харилцан яриа, сэтгэл зүйн драм, гүн ухааны хөөрөлдөөн Удиртгал Шинэ цагийн жүжгийн зохиол аман зохиолын уламжлал дээр хөгжин дэлгэрсэн бөгөөд харилцаа шүлэг, дуу үндсэн бүрэлдэхүүн нь болж байв. Тухайлбал монголын орчин үеийн уран зохиолын анхны жүжгүүд “Алигэрмаа”, “Бээжин лам”, “Сумьяа ноён” зэрэг ардын харилцаа дууны өгүүлэмжид суурилсан байдаг билээ. Харин XXI зуунд тайзны урлагт товч бөгөөд тодорхой хэл яриагаар нийгмийн үзэгдэл, зохиолын үзэл санааг маш богино хугацаанд жүжиж үзүүлэх шаардлага дэвшигдэж буй тул ганц нэг зөрчлийг шийдсэн 1-2 үзэгдэлт драмын төрөл рүү шилжиж байна гэж болно. Иймд судлаачид, мэргэжлийнхэн тайзны эл бүтээлүүдийг нарийвчилж судлах цаг үе нэгэнт иржээ. Судалгааны арга, хэрэглэгдэхүүн Энэхүү өгүүлэлд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, харьцуулан жиших аргуудыг зохиолч Д.Урианхайн жүжгийн болон бусад зохиол, философийн туурвил, гадаадын онолын бүтээлүүдэд тулгуурлан гүйцэтгэв. Mongolian Language and Literature Studies Хэл зохиол судлал https://doi.org/10.5564/mlls.v49i1.4808 Tom. XVII (49) 2024 Facs. 23 * © Д.Цэвээндорж 2024 e-mail: tsevee ndorjd@mas.ac.mn ===PDF PAGE 2=== 279 XVII (49) боть 2024 ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ Нэг. Гүн ухааны харилцан ярианы уламжлал, онолын үндэслэл Харилцан яриа нь хүмүүсийн ойлголцлын үндсэн суурь хэдий ч орчин үеийн утга зохиолд үндэстний хэл соёлын ялгаа, чанарын түвшнийг илтгэх хэлбэр, зохиомж талаас судлагдах боллоо. Өөрөөр хэлэхэд философийн асуултыг дэвшүүлэн хэлэлцэх гүн ухааны харилцан яриа нь утга зохиолын төрөл, хэлбэрт тооцогдох төдийгүй авьяас, үр дүнгээс чухал үүрэгтэй хэмээн үнэлэгдэж байна. Эртний сэтгэгч Платон эмгэнэлт болон инээдмийн жүжгийн зохиолч биш ч Аристотелийн багшийн хувьд <<“Гүн ухааны жүжгийн зохиол” хэмээх шинэ төрөл зүйлийг үүсгэсэн>> (Anton, 1984:1). Тэрбээр Сократ багшийнхаа зохиол дахь гол дүрийн бодол санаа, эргэцүүлэлтэй ижил 35 харилцан ярианы загвар бүтээсэн нь энэхүү нэр томьёог үүсгэж мэтгэлцэх урлагтай холбогдсон гэж үздэг. Жүжгийн зохиол дахь харилцан ярианы гүн ухаан нь үйл явдлыг хэрхэн хөтөлж буйг, дүрийн үг хэл, бодол санаа, зан чанар, нөхцөл байдлаар гүн ухааны асуудлыг илчилж буйг, хүний амьдралын утга учир, харилцаа, сөргөлдөөн зэргийг тусгадгаараа зохиолын өрнөл, тайлалд онцгой үүрэгтэй. Тиймээс харилцан яриаг нэг талаас гүн ухааны хэрэглүүр гэж болох бөгөөд жүжгийн зохиол дахь харилцан яриа бүхэн учир зүйн дараалал, шүүмжлэлт харьцуулал бүхий өөрийн үүрэг, ач холбогдолтой бүтээгддэг байна. Ийнхүү Сократ, түүний шавь Платоноос эхтэй гүн ухааны харилцан яриа дундад зуунаар дамжин гүн ухаан төдийгүй урлаг, утга зохиолын төрөл болон хөгжсөөр ирсэн ч Австрид төрсөн жүүд философич Мартин Бюбэр философид суурилсан харилцан ярианы гүн ухааны төрлийг “I and Thou” (1923) номдоо тусгайлан авч үзэж сонгодог загварыг үндэслэгч, томоохон төлөөлөгч (Max Rosenbaum, Milton Miles Berger, 1975:719) болсон. Тэрбээр хүмүүс хоорондын ойлголцол төдийгүй бурхан тэнгэртэй харилцах гүн ухааны гаргалгаа буюу хүний амьдралын утга учрыг тусгасан нь аажмаар гүн ухааны хүүрнэл (phil - osophical prose), гүн ухааны зөрчил (philosophical conflicts), харилцан ярианы загвар (models of dialogue), гүн ухааны тайлал (philosophical hermeneutics) зэрэг ойлголтуудыг үүсгэж, хөгжин дэлгэрэхэд нөлөө үзүүлсэн тул монгол зохиолчийн өнөө цагт бичиж буй жүжгүүдэд тулгуурлан судлах цаг үеийн шаардлага бий юм. Хоёр. Зохиомжийн онцлог Зохиолч Д.Урианхайн жүжгүүдэд зүүд, зөн совин үйл явдлын онцгой хөтчийн үүрэгтэй байж туульсын зохиолын бусад төрөлд нь ч зохиомж, туурвилын үндсэн хэв маяг болон тогтсон нь ажиглагддаг. Хатан эх болон бэрийн хаан төрд санаа чилсэн муу совинт зүүд үйл явдлыг хөтлөн чиглүүлэхийн зэрэгцээ тугалын зүүдээр үзэл санаа, үйл явдлаа зохиомжилсон гэх мэт олон төрөл, хэлбэрээр өргөжжээ. Тугалын эзэн ч тугалын амтат зүүд зүүдэлж зохиомжийн дотор давхар өгүүлэмж өрнүүлсэн урлал бий. “Хайрцган дахь хүн” (Драм-эсээ)-д хүн бүрийг хайрцаг дотор амьдардаг ===PDF PAGE 3=== 280 ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ XVII (49) боть 2024 гэж зохиомжлон сэтгэж хайрцаг зарж буй буюу “хайрцагтай хүн” гэх өвөрмөц дүр бүтээхийн зэрэгцээ “хайрцган доторх нүцгэн хүн бидний дунд байдаг амьд үхдэлүүд ч байж болох юм” гэсэн санааг дэвшүүлдэг. Хайрцагтай хүн: “Тэр хайрцаг миний гадна, би тэрний гадна байгаа юм. Харин энэ хайрцаг л миний дотор, эсвэл би дотор нь юм уу, тэгж санагдаад байна. Тэгээд л гарах гээд” (Урианхай, 2018:368) гэх буюу “Таны нүдэнд харагдахгүй байгаа байх. Надад түгжээтэй юм шиг л санагдаад... Тэгээд онгойхгүй юм шиг бодогдоод болохгүй...” (2018:368 IV) гэх мэт өвөрмөц содон зохиомж, үг яриагаар энэ цагийн жүжгийн төрөлд шинэ төрөл хэлбэрийг туршин нэвтрүүлсэн юм. Ийнхүү Д.Урианхай зохиолчийн туурвил зүй, үзэл санаанд зохиомжийн ур маяг онцгой ач холбогдолтой төдийгүй галзуугийн нүд, байшингийн цонхоор хүний ёс суртахууныг тольдон харах боломж үзэгчдэд олгож буй нь Буддын хоосон чанарт суурилж бичсэн үзэл санааны тусгал юм. Чингэж зүүдний хэлбэр, зориулалтыг зөв зүйтэй удирдана гэдэг зохиолчийн туршлага, ой санамжаар тайлбарлагдах бөгөөд зөн совин, ёр бэлгэ зэрэг сэтгэл зүйн шинжүүдийг чөлөөтэй ашигласнаараа өвөрмөц сэтгэмж, шинэ арга барил, урсгал чиглэлийг туршин нэвтрүүлэх үндэс суурь нь болжээ. 2.1.Зохиомжийн урлал зохиолын үзэл санаатай холбогдох нь Зүүдний зохиомжийн бас нэгэн хувилбар, дээд хэлбэр нь хий үзэгдэл буюу сүнс эгэн ирж үнэн худал, сайн мууг ялган илчилж буй өгүүлэмжийн шийдэл юм. “Аюуровинда агь” (Сэтгэл зүйн драм-дуурь)-т эд хөрөнгөндөө хоргодсон эцэг хааны сүнс буюу хий үзэгдэлтэй хан хүү ярилцаж буйгаар хүмүүний сувдаг, шунахай сэтгэлийг илчилнэ. Үүнийгээ: “Мал, хөрөнгөндөө хоргодох бодол намайг Бул чулуунаас гинжлэх мэт агдалсныг Бурхан эс таалж, диваажинд үүд хааснаар Буцаад би ар гэр, авдар үхэгтээ Буг-Сүнс болж орогнохоор хаягдлаа” (2018:53 IV) хэмээн тайлал хийдэг. Улмаар хортой архи өгч хороочихоод архинд түлэгдэж үхсэн гэж цуу тараан арилшгүй муу нэр зүүснийг нь даагч Шангуйд эцэг хааны сүнс хэлж, амьд байхдаа үг бүрт чинь итгэдэг байсан ч одоо бол үнэн, худал хоёрыг ялгадаг болсноо дуулгаж буйгаар үйл явдлын тайлал хийж үзэгчдийг сэтгэн бодуулах зохиомжийн урлалыг ашигласан. Хатан эх “Биелсэн чөтгөр зүүдэнд үнэн хэлжээ” хэмээн хожим нь хэлдэг бол, уран гарт гөрөөчин бэлтрэг суйлж хаданд саван хороосны үйлийн үр болж охин үрээ алдлаа гэж харуусна. Энэ бүх үйл явдлын тайлал үзэгчдийн сэтгэлд нууцлаг үлдэх хэдий ч жүжгийн үйл явдлын зөгнөл, өрнөл, тайлал бүхэн мөнөөх л зүүдний зохиомжоор зангилагддаг. Учир нь хатан эх, Агьзул хатан хоёул хар хор шингэсэн хааны алтан аяганы талаар өлзий бус зүүд зүүдэлж эхэлнэ. Хулгайд гүтгэгдсэн өвгөн, эх хоёр түмэн олны өмнө банздуулан шийтгэгдэхдээ биеэ хамгаалахын тулд өөр өөртөө буруу ===PDF PAGE 4=== 281 XVII (49) боть 2024 ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ хүлээдэг ч Агьзул хатан төрийн сохор нүдийг, шударга бусын тухай гүн ухааны агуулга хөндөөд амиа мохируулдаг. “Ээжгүй Хаан байж бүрнээ болно, хүү минь! Эрх засаггүй Хаан байж л хэрхэвч үл болно!” (2018:159 IV) хэмээн ээждээ ял эдлүүл хэмээн шаардсанаар Хаан эхээ “тасам ороолго”-оор шийтгээд өөртөө ч бас үргэлжлүүлэн цааз, зарлигаа гүйцэлдүүлдэг. “Хаан төрийн жудаг эс холтрог гэж Хатан Эхээ би ялаар баалав! Үр, эхийн барилдлага эс алдраг гэж Өөрийнхөө биеийг төрийн ялаар баалуулав! Өнө хойчид ёс болог! Сэтгэл онгойв! Одоо... яс амраг!... Ээжээ хүүгээ Олны нүднээс далд авч одогтун!” (2018:163 IV) гэсэн өчил нь өнөөгийн улс төрч, төрийн жинхэнэ алба хаагчдад зайлшгүй үзүүлэх жүжиг болохоо илтгэсэн юм. Нөгөө талаар энэхүү зохиол “Төрөхөөс өмнө, үхэхээс хойш” жүжигт хаан хүүдээ ээж нь алтан аяга дархлуулан бэлэглэсэн ч ёр бэлгийн зүүд зүүдэлж гайтуулахаас аргагүйд хүрч буйгаараа үйл явдлын ижилсэл, үзэл санааны гүнзгийрлээрээ давхацдаг. Гэхдээ сонгомол хувилбар гэдгээрээ ялгардаг бөгөөд төр ганхах нь өмнөх хаадын үйл, өнөө цагийн түшмэд, эхийн зөн совин гээд олон зүйлтэй улбаа холбоотой ч төрийн зарлиг шийдвэр хэнд ч алагчлалгүй шударга байж гэмээн түмэн олны талархлыг хүлээж бат бэх орших мөн чанарыг дэвшүүлсэн. Гэхдээ суурь нь буруу тавигдсан төр ямар ч сайн удирдагч гарч ирлээ ч мууд дийлддэг шүү гэсэн түгшүүрт санааг илтгэж, У .Шекспирийн “Хамлет”- тай энэ зэрэгцэхүйц сонгодог түвшинд урласнаараа “Монгол Хамлет” хэмээн үнэлэгдэхээр болжээ. Учир нь Хамлетийн сүнс хүүдээ хэрхэн хорлогдсоноо хэлж сануулдаг бол монгол хаан Аюуровинда агьд хэлэлгүй “Нумаа далдалсан ч сумаа зэхсэн Нүүрэндээ багтай “нөхөр”- дайсан хажууд чинь байдаг” хэмээн дорно ухаан, алс санааг хөндсөн зэрэг илүүтэй урлал цөөнгүй бий. Ялангуяа төрийн зарлиг хэнд ч болов эрх тэгш, шударга байхын үлгэр болгож өөртөө оноосон шийтгэлдээ элийрэн “Яагаад нуурын дэнжид айлын гэр шатчихав аа?” (2018:176 IV) гэдэг нь улс гэр нь мөхөж хаан угсааны бус хорон санаат хүнд шилжиж буйг зөгнөсөн далд утга, гүн санаа юм. Гурав. Дүрийн урлал Дүрүүд нь туйлын буюу эерэг, сөрөг гэсэн заагт ангилагдахаасаа илүүтэй нэг л сайн шинж нь жинхэнэ монгол эр хүн болохыг төлөөлж зохиолчийн үүдэл санаа, уран чадварыг илтгэхдээ сайн тал нь давамгайлж байх ёстой гэсэн гүн ухааны агуулгыг хөндсөнөөрөө чухам үнэ цэнтэй. Энэ нь хувь хүн хоорондын харилцан ойлголцол, нийгмийн зүй тогтол төдийгүй монгол хүн, монгол үндэстний өнөөгийн байдал, өнө хойчийн ирээдүйг тунгаасан гүн санааг ===PDF PAGE 5=== 282 ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ XVII (49) боть 2024 дүрүүдийн харилцан яриа, үйлдэл харуулж буйгаараа чанарын үзүүлэлт болж байна. Өөрөөр хэлэхэд дүр бол зохиолчийн үзэл санааны буюу харилцан ярианы хэрэгсэл утгаар бүтээгдсэн нь илт юм. Өмнөх нийгэмд дүрүүдийн сэтгэл зүй бус үүргийг голлож үзэл суртлын зэвсэг болгон ашиглаж байсан бол Урианхайн жүжигт дүрүүдийн харилцан яриа үзэгч, уншигчдыг эргэцүүлж, ухааруулсан үнэ цэнтэй буюу шинэ уур амьсгал авчирснаараа ялгардаг. Нэг ёсондоо үг яриа, үйлдэл хөдөлгөөн бүрд далд, гүн агуулгыг илэрхийлэн төлөөлүүлж чадсанаараа хүний ёс суртахуун, мөн чанар ямар байх ёстойг тунхагладаг гүн ухааны үзэл хандлагатай философич зохиолч болохоо бататгадаг юм. Эндүүрэл хааны туужаас сэдэвлэн бичсэн “Эндүүрэл хаан” эмгэнэлт жүжигт ордонд бүжиг хийж орж ирсэн даруй хааны сэтгэлийг ховсдон татаж хатан болсон ч хорон муу үйлээ эрээ цээргүй хэрэгжүүлж буй Энсгэлжин нь сөрөг дүрийн туйл болон бүтээгдсэн. Хааны эзгүй хойгуур салбадайтай садарлах гээд дургүйцэхэд нь хорт могой болон хувирч хүзүүг нь ороон боомилж хороодог нь дүрийн хувилал өгүүлэмж, дотоод шинж чанарыг нь ил гаргаж буй урлалын дээд хэлбэр болсон юм. Түүний жүжгүүдэд энэ мэт түүхэн, эгэл жирийн гээд нийгмийн төлөөлөл болсон эерэг сөрөг цөөнгүй дүрүүд бүтээгдэхийн зэрэгцээ “Хөлчин аймаг тэнгэр” хэмээх домог зүйн дүр (“Чингис хаан” эмгэнэлт жүжиг) гардаг нь гүн ухаан, сэтгэл зүйн үзэл санаагаа дүрүүдийн харилцан яриагаар буюу дам хэлбэрээр илтгэдэг онцлогт нь содонсож байна. Энэхүү тэнгэр нь зохиолд тэмдэглэгдсэнээр “Час улаан өнгөтэй, шүдлэн үхэр шиг том нохой биетэй” (2018:479 IV) гэх мэтээр тухайн орон газар, нөхцөл байдал, зорилгоосоо улбаалан хувиран ирж бэлгэдлийн үзэл санаа, дүр бүтээснээрээ сонирхол татдаг. 3.1. Дүрийн харилцан яриан дахь гүн санаа, гүнзгий зөрчил “Тэд бидэнтэй, бид тэдэнтэй ганц алхахад л уулзана” (5 хүний сэтгэл зүйн драм 1996, 2001) жүжигт зүүдээ ярьж буй харилцан яриагаар үйл явдлын өрнөлийг эхлүүлдэг нь баатрын сэтгэл зүй, зохиолын агуулгын үндсэн туурвил зүйн шинж мөн. У далгүй хүү нь хүндээр өвдсөн цахилгаан хүлээн авч дөрвөн өөр Оршихоос мөнгө зээлэх гэж оролдох нь хүний мөн чанар төдийгүй нийгмийн төлөв, байдлыг тодруулж эхэлнэ. Жүжгийн дүрүүд адил нэртэй байгаа нь хэдий гаднах дүр байдал, дотоод зан чанар өөр боловч хувиа хичээсэн бэртэгчин төрхийн хувьд төлөөлүүлсэн ижилсгэл буюу нийлмэл дүр (Орших) гэж болох бөгөөд нийгэмд оршсоор байдаг бугширмал ийм дүрийн эсрэг буюу мууг сайнд урвуулж буй Бат-Өлзийн дүр эсрэгцэж байна. Учир нь хүүдээ яаралтай очихоор хамгийн үнэтэй эд хогшлоо худалдах гэсэн ч эвдүүлж, өөрийгөө доромжлуулан зодуулсны эцэст зуурдаар алдсан ганц хүүхэд нь өөрийнх нь биш болж тааран, түүнийг нь эртнээс мэдсээр атлаа бүхий л сэтгэлээ зориулж ирсэн сайн эцгийн энэ амьдралын хамгийн үнэтэй зүйлээ эдгээр муугаар “оршдог” хүмүүсээс олж буй гүн санааг дэвшүүлнэ. Өөрөөр хэлэхэд бусдыг бус өөрийгөө тэдэн дундаас олж, нээж, үзэгчдэд гол дүрийн ухаан, тэвчээрийг үг, үйлдлээр бус бодол санаа, ===PDF PAGE 6=== 283 XVII (49) боть 2024 ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ сэтгэл зүйгээр илрүүлж “Бүтэн сэтгэлтэй байх нь бүтэн хогшилтой байхаас илүү” гэсэн санааг хэлүүлдэг. Хүний амьдралаар бус “орших”-ын тулд амь зогоодог саарын эсрэг сайныг ухаарч, үзэгчдэд гүн ухааны тайллыг баатрын хэл яриа, бодол санаагаар чадмаг илэрхийлсэнд энэхүү жүжгийн үнэ цэн оршиж байна. Нэг ёсондоо өнөөгийн нийгмийн цэвдэг, сувдаг сэтгэлтнүүдийг илчлэхдээ гуравдугаар Оршихын ярианы дуудлагаар зан чанарыг нь тодорхойлж буй энгийн атлаа гүн санаа шингээсэн өгүүлэмж тэргүүтэн зохиолчийн уран чадвар, билгүүн туршлагыг илтгэдэг. Тэгвэл “2-1=0” буюу харанхуйд харагдахуй” (Абсурд философийн жүжиг) дахь залуу хос Хэнч биш, Бибиш хоёрын монологи Бибишийг үхээд сэхсэний дараа нийгмийн амьдралын өргөн сэдвийн гүн агуулга дэвшүүлнэ. Үйл явдлыг өнгөц харахад архины солио мэт ч амьдралын үнэн буюу үхэл амьдрал, уйлах жаргах, хайр, үнэн, эрх чөлөө, ирээдүй гэх мэт учир зүйн олон асуудлыг эргэцүүлдэг. Бибиш үхээд босож ирэхдээ эр хүн болсон байдаг нь гүн ухааны хөөрөлдөөний сэдвийн оргил нь болж мөрөөдөл нь бодит мэт санагдаж, үйл хөдлөл нь хүртэл гүн санаатайг; архиндаа хөлчүүрч хэвтэх зуур өөд газар өнхрөвч буцаад байрандаа бөмбөрөн ирж буйгаа хүний сүнс огторгуйг зориход бие нь хэр чаргууцалдахыг мэдэх гэсэн оролдлого ч угтаа энэхүү нийгэмд яаж ч хичээгээд байрнаасаа ахихгүй гэсэн далд утга юм. Амьсгалаараа хүртэл энэ дэлхийд өртэй гэсэн санаагаар амьдралаас залхсан бус амьдрах боломж бусдадаа үлдээх далд санааг хөнддөг. Орос хэлтэй, сонгодог зохиол уншсан сэхээтэн архичдын нэг Хэнчбиш: “Гэнэтхэн бодсон чинь би үнэхээр чиний бүх юмыг бүрэлгэчихжээ! Сүүлчийнхээ гар далайлтаар эцсийн амьсгаа хийчихэж” (Урианхай, 2018:154) гэхэд Бибиш өөрийгөө егүүтгэхийг гуйн ертөнцийн мөн чанарыг эргэцүүлэхдээ “Хамаа, намайг өрөвдөөч дээ! Би яаж амьд явах юм? Яах юм?” (2018:155 III) хэмээн гуйна. Энэхүү “өрөвдөөч” нь амьд үлдэх, амь зогоох хүсэл бус амьдралаас “чөлөөлөх” гуйлт болох нь илт байна. Нэг ёсондоо бие махбодиороо үхэхийг шаардан хүлээвч сэтгэл зүрхээрээ хэдэн ч удаа үхэж, аль хэдийнээ эрлэгийн оронд одчихсон байдаг. Өнгөц харахад Бибишийн архины халуурал мэт сонсогдох ч амьдралын мөн чанарыг эргэцүүлж буй яруу найрагчийг Хэнчбиш “чөлөөлөөд” утсаар цагдаад мэдэгдэн өөрийгөө баривчлуулахдаа “Би бол иргэн бус бүтээгдэхүүн, Бибишийг буюу ганцаархнаа үлдээд байсан ганц хүнийг, сүүлчийн хүнийг алчихлаа” гэдэг. Өөрөөр хэлэхэд нас барсных нь дараа “хүн” гэж анх удаа дуудан “үнэн хэлж байж шүү” хэмээн хүндэтгэж эхэлснээр буюу амьдралын үнэ цэнийг мэдрүүлсэн ач гавьяаг нь хожмын хүн зон ухаарч буйгаар жүжиг төгсөнө. 2-1=0 гэдэг нь хоёр бус 1 хүн буюу нэг хүний хоёр тал өвөр хоорондоо зөрчилдөн өөрийгөө хороож буй хүний сэтгэлийн далд шинжийг төлөөлүүлсэн урлал бөгөөд Хэнчбиш Бибиш хэмээх өөр хүнийг бус дотоод хүнээ егүүтгэчихэж байгаа нь Бибиш оюун санааны үйлдэл, Хэнчбиш биеийн үйл голлон үйлддэгээр тайлбарлагдана. Бибишийг алах тоолонд босож ирээд буй нь сэтгэл зүрхээрээ хүн үхэж хорогдож байдгийг харуулахын зэрэгцээ ===PDF PAGE 7=== 284 ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ XVII (49) боть 2024 хүний сайн тал, итгэл найдвар бүхэн буруу ойлголцол, таагүй харьцаа, үгийн муугаар устан цөөрч байдаг гэсэн санаа юм. Түүнчлэн Д.Урианхайн жүжигт дан харилцан яриагаар бус гэрээсийг нь уншиж дүрийн дотоод хэв шинжийг илрүүлж буй туурвил зүйн эрэл хайгуул бий. Тухайлбал: “-Миний үхэлд хэн ч буруугүй бөгөөд юу ч буруугүй! Би гагцхүү өөрийн дур хүслээ дагаснаа батлан хэлье!.. Бас, миний үхэл бол ямар нэг ид хав болгох “гавьяа” ч юм уу, ямар нэг хүний тусын тулд, жаргалын тулд үйлдсэн золиос биш гэдгийг хатуу хэлье! Үлдэгсэд та нар миний үхлээс болж хэн нэгнийг хардаж сэрдэх, хялайх ялангуяа зэмлэх сэтгэлийг агуулж үл болно. Би аминаасаа уйдсан минь зөвхөн өөрөөсөө л уйдсан хэрэг! Хэн ч буруугүй, юу ч буруугүй. Ер нь ертөнцөд өөрийн эрхээр юм ганц ч байхгүй, хэрэв алив нэгэн юманд ямар нэгэн алдаа гэм гарвал, эсвэл юу ч буруугүй, эсвэл бүгд адилхан буруутай! Энэ хязгааргүй их ертөнцөд юу ч бай ямар буруутай ч бай, буруу нь ганц юмнаас биш “бүх юм”-наас хамрах тул хүний амьдралд ч “ганцын буруу” гэж байхгүй, “бүгдийн” буюу “нийт”-ийн буруу л гэж бий! Иймд хэнийг ч, юуг ч салган буруутгах, зэмлэх, яллах хэрэггүйг эрхэмлэн гуйнам! Миний үхэлд би ч өөрөө буруугүй! “Ертөнцөд ер нь “буруу юм” гэж үгүй юм байна!” гэх эвлэрэнгүй зөөлөн, элэг эргэшгүй хатуу бодолтойгоор би ертөнцийг орхиж байгаа хүн шүү!...” (2018:247 IV) гэх зэргийн өчил өгүүлэмж бий. Хоёр залуу хоорондоо таарч нүглээ наминчилхаар шийддэг ч дутуугаа гүйцээгээд (нохойгоо хооллох г.м) маргааш нь амиа хорлохоор болно. Энэ хооронд зовлон жаргал, үзэл бодлоо хуваалцан ярилцах зуур бие биедээ дурлацгаадаг. Харанхуйд бие биеэ хараагүй ч сэтгэл зүрхээрээ дотносон үхэхээсээ өмнө үнсэлцсэн нь амьдралын ийм өөр цонхыг нээгдүүлдэг бол “Хайрын тариа” буюу хэнийг ч хайрлаагүй нэг хүн, бас хэнд ч хайрлуулаагүй нэг хүн” (Хоёр хүний сэтгэл зүйн абсурд реалист драм, 2012) жүжигт харанхуйд эр, эм хоёр унаа хүлээн зогсож байгаад буудал олж хонохоор болдог ч үнэндээ биеэ үнэлэгчтэй тохиролцсон байж таарна. Өрөөнд орсны дараа ч харанхуй байдаг нь нийгмийн байдал, тэдний ирээдүйг зөгнөсөн шийдэл бөгөөд улмаар бие биеэ таньж, анхны хайртууд байснаа санацгаадаг. Ангийнх нь онц сурлагатан охин биеэ үнэлэгч болсон байдгаар амьдралын, сэтгэлийн тухай гүн ухааны агуулга хөвөрнө. Биеэ бусадтай хуваалцавч сэтгэлээрээ ганцаардаж явдаг, хэнд ч хайрлагдаж үзээгүй гэдгээ тэд мэдрэн гадаадад хөнгөвчлөх тариа хийж байсан сувилагчийн хувьд өөртөө зориулж авсан тариагаа унтаж байхад нь судсанд нь шахан “зовлонгоос” нь гэтэлгэдэг. Улмаар “цаашид ингэж амьдарч болохгүй, хайрт минь!” Ертөнцөд байдаг хамгийн утгагүй юм-хүний утгагүй амьдрал!... Би удахгүй хойноос чинь очно! У дахгүй бид хоёр хүмүүст мартагдана! Хүний амьдралд хамгийн мартагддаггүй нь зөвхөн хайр л байна” (2018:370 IV) гэсэн гүн ухааны харилцан болон ганцаарчилсан хөөрөлдөөнийг хөврүүлдэг. Яг эл төгсгөлтэй адил “Цонхоор харсан хүн” батганатай ярилцаж буй ганц хүний парадокс жүжиг байдаг бол “Ханануудын амьдрал”-д нэгийгээ ===PDF PAGE 8=== 285 XVII (49) боть 2024 ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ унтах зуур нөгөө хана нь гэрийн амьдралыг бусдадаа хүүрнэдэг нь өөр өрөөнд болсон үйл явдлаар тайлбарлагдаж болох ч энэхүү амьшуулал хүний төдийгүй хүн төрөлхтний үйлдэл, бүтээн байгуулалт зэрэг өргөн хүрээний эргэцүүлэл, шүүмжлэлийг өрнүүлнэ. Өмнөт хана: “Бид хүний гарын “бүтээл” юм чинь хүмүүс шиг ярьж яагаад болдоггүй юм? Хүмүүс юу дуртайгаа л ярьдаг шүү дээ. Нэг үнэн яриад, хоёр худлаа яриад л байдаг... тэд биднээр Хана хийсэн. Уг нь би анх алтан шаргал элс л байсан. Зүүн хана: Би умбарсан зөөлхөн нанги шороо байсан. Баруун хана: Би хайрга байсан Хойтох хана: Би ус байсан. Урсаад л... давалгаалаад л... шуугиад л... үерлээд л!.. /гунигтайгаар/ Анх юу байсан тэр юм аа л эргээд болмоор байна. Би хана баймааргүй байна. Хана байж ханалаа! Залхлаа!” (Урианхай IV , 2018:344) зэргээр шүүмжлэн хэлэлцдэг. Өөрөөр хэлэхэд анх амьд, сонин, өөр өөрийн гэсэн амьдралтай байсан бол сонсохгүй, дуугарахгүй, хөдлөхгүй, хувирахгүй хүйтэн саарал царайлсан зөвхөн хоорондоо ойлголцохоос өөр ямар ч ирээдүйгүй хана болсондоо харуусаж “Хүний л хийсэн ажил! Тэдний хамгийн их хийсэн, хийж чаддаг ганц ажил нь!” (2018:345 IV) хэмээн шүүмжлэлт санаа өрнүүлнэ. “Өөр бас сайн чаддаг зүйл нь худлаа ярих” гэх буюу “Хүмүүс эвдэхээ л чадна, Эвлүүлж бүтээдэг ганц юм нь Хана! Эдэнд зөвхөн ялаа л байрладаг байх! Хүмүүсийн хийдэг бүх юм эцэстээ ялаанд л хоол болох юмс байдаг юм чинь!” (2018:346 IV). “Хууль зохиосон ч мөрддөггүй, бурханд залбирдаг ч ад зэтгэрийг аргадаж мэддэггүй” гэх мэт гүн ухааны агуулгыг хөнддөг. Үнэхээр ч энэ их хотжилт, барилгажилтын үед хана босгох нь ихсэж хүний хоорондын харьцаанд ч хүйтэн хана сүндэрлэсээр буй. Хэдий хана хэлтэй, чихтэй хэмээн амьдчилавч хананууд бие биеэ нурааж эхлэхэд “Тайзнаас тал хээрийн хөрс шорооны сайхан үнэр, элс, хайрга, цэнгэг тунгалаг гол усны чийглэг зөөлөн үнэр сэнгэнэн сэрүү татаж” (2018:351 IV) жүжиг өндөрлөдөг нь эрх чөлөөний “үнэр” ханхлуулж буй төгсгөл мөн. Дөрөв. Туурвил зүйн эрэл олз Зохиолч Д.Урианхай уран бүтээлийн төрөл бүртээ өөрийн зарчмыг тунхаглан ягштал мөрдөж, туурвил зүйн далайцаа нэмэгдүүлсээр иржээ. Үүнд: “Яруу найраг бол гоо сайхны чанар, үлэмж чанар хоёрын төгс төгөлдөр зохирол юм” (Урианхай, 2018:92) зэрэг цөөнгүй жишээ дурдаж болно. Жүжгийн зохиолын хэл, санаа цэгцтэй байгаа нь ч сайн яруу найрагчийн үндсэн суурьтай нь холбоотой буюу найраглал дахь “дотоод шаталтын хөдөлгүүр” жүжгийн зохиолд нь биежсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлэхэд зохиол туурвилдаа байнгын эрэл хайгуул хийж “Бишүби” нэгдлийг нөхдийн хамт санаачлан байгуулахын зэрэгцээ өөрийгөө үргэлж шинэчилж ирсэн Д.Урианхайн уран бүтээлүүдээс жүжгүүд нь туурвил зүйн бие даасан онцлогтой бүтээгджээ. ===PDF PAGE 9=== 286 ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ XVII (49) боть 2024 Түүнчлэн нийгмийн тогтолцооны тухай өөрийн үзэл баримтлалыг дэвшүүлж зохиол бүтээлдээ тусгасан нь гүн ухаан, сэтгэл зүйн гүнзгий агуулга бүхий туурвилыг батжуулсан юм. Ялангуяа бодрол бясалгалаар хүний сэтгэлийн бүхий л араншныг олон талаас нь нээж буйгаараа бясалгагч зохиолч хэмээн үнэлэхэд хүргэдэг. Өөрөөр хэлэхэд “утгын сүлжилт, дүрслэлийн өвөрмөц эрэл, содон туршилт бүхий бодролын, философийн яруу найраг бүтээдэг бичлэг, сэтгэхүйн онцлог арга барилтай” (Цэвээндорж, 2009:222) байсан бол жүжгийн зохиолдоо баатрын хэл яриаг тодорхой, оновчтой, гүн санаатай бүтээж энэхүү туурвил зүйгээ улам бүр бататгажээ. Нэг ёсондоо юмсын учир шалтгаан, зүй тогтлыг нээсэн гаргалгаа нь утга зохиолд авьяасаас илүү гүн ухааны үүрэг оролцоог нэмэгдүүлсэн гэж үнэлж болохоор байна. Өдөр бүрийн бодрол, бясалгал, өдрийн тэмдэглэл нь ч түүний жүжгүүдийн үзэл санааны хөтөч болж туурвил зүйн нэгдмэл шинжийг нь тодотгодог. Энэ бүхэн нь шашны чөлөөт үзэлтэн хэдий ч Буддын гүн ухааныг бүтээлдээ илүүтэй тусгадаг онцлог буюу энэрэхүйн дууллаараа ялгардаг юм. Өөрөөр хэлэхэд улс эх орныхоо утаа униарыг хараад уйлж суудаг уран бүтээлч ховордсон энэ цагт түүний туурвил зүй уншигчийн зүрх сэтгэлд ухаарлын айзам цогцлоосон байна. Мөн орчуулгын хөдөлмөр (Ж.Верди Реквием дуулал залбирал) хийгээд олон төрлийн эрэл хайгуул, оюун санааны туршлага хуримтлуулсантай нь ч холбогдоно. Зохиолч Д.Урианхай яруу найраг, өгүүллэг, тууж, роман, орчуулга зэрэг утга зохиолын үндсэн төрлүүдээр жигд туурвихын зэрэгцээ драм, эсээ, релятив, түүхэн сэтгэмжит эмгэнэл зохиол, ганц хүний парадокс жүжиг, экспромт, 5 бүлэгт абсурд философийн жүжиг гэх мэт жүжгийн зохиолын олон төрөл хэлбэрт хүч сорьсон нь бүтээлч сэтгэлгээний нь, бас хамгийн олон төрөл зүйл, урсгал чиглэлээр зогсолтгүй эрэл хайгуул хийсний тус тус илрэл юм. Сэдвийн хувьд гэр бүл, ахуйн хүрээнд боловч гүн санаа, агуулгыг дэвшүүлэхийн зэрэгцээ өнгөц дүр, зусар үг, урин залж бөхөлзсөний цаана ямар их гэм хор байдгийг дүрийн урлал, зохиолын үзэл санаагаар тодотгосон туурвил зүйн гүнзгийрэл ажиглагддаг. Нөгөө талаар хорон муу санаатныг шийтгэх бус цаг хугацааны дэнсэнд орхиж буйгаараа “идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана” гэдэг шиг Д.Урианхайн жүжиг энэрэхүйн, ухаарлын аясаараа ялгарч “Экзистенциалист” тодотголт сэтгэлгээний жүжгүүд голлон туурвихад хүргэжээ. Ерөөс түүний зохиолд хүний мөн чанар, сэтгэл санаанд эргэлзсэн гунигт үйл явдал голлодог нь нийгмийн байдлын тусгал, зохиолчийн эмзэглэл гэж ойлгож болохоор байна. “Хүн бүгд-би” Эмгэнэлт жүжгийн Навчаа: -“Хүнд “өөрийн” гэх юм байхгүй шүү дээ. Би чамд хэлж байсан. “Минийх” гэх ганц юм нь гагцхүү үхэл л байдаг байх” (Урианхай, 2018:210) гэж хэлдэг нь уншигч, үзэгчдэд ухаарал өгөх зорилго түүний туурвил зүйд бат шингэснийг илтгэдэг юм. Өөрөөр хэлэхэд хувь хүний яриа, бодрол эргэцүүллийг нийгмийн тулгамдсан асуудал, цаашлаад хүн төрөлхтний ирээдүйд санаа зовнисон өргөн агуулгаар баяжуулсанд түүний ===PDF PAGE 10=== 287 XVII (49) боть 2024 ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ зохиолын далайц, үнэ цэн оршино. 4.1. Зохиолчийн үзэл, онол туурвил зүйд туссан нь “Хэдийгээр биеийн үйл хөдөлгөөн, зан харьцаа маань алгуур, амарлингуйдуу боловч... дотроо маш их зөрчил тэмцэлтэй, “дотоод ертөнцтэй” хүн... сэрэл сэрэхүйн халуун урвалд үргэлж нэрвэгдэж зөн совин, ёр билэг мэт парапсихологи угшлын хүртэхүйн эрхшээлд ч их эзлэгддэг” (Урианхай, 2001:131) хэмээн зохиолч өөрийнхөө тухай тэмдэглэн бичсэн нь зохиолуудынх нь нууцад нэвтрэх нэгэн түлхүүр юм. Өөрөөр хэлэхэд уран бүтээлч хүнд байх энэрэл нигүүлсэл, энгийн төлөв зан, дотогшоо анирдсан ёс суртахууны мөн чанар энэ бүгд далд ухамсрын, гүн утгат зохиол туурвихад нөлөө үзүүлсэн гэж болохоор байна. Тиймээс монгол хүний төдийгүй хүн төрөлхтний гэгээрэл, дотоод оршихуйг нээн илрүүлэх гэсэн санаагаа “нийгмийн хөгжлийн агуулгыг ёс суртахууны агуулгад шилжүүлснээр л хүн төрөлхтнийг мөхлөөс, хүн төрөлхтний үйлдэж буй ухваргүй мунхаг үйл ажиллагааны хилэнц нүглийн шийтгэл болж тэнгэр бурхнаас ирэх их гэсгээлээс аврагдах болно” (Урианхай, 2001:131) гэсэн үзэл, онолдоо дэвшүүлсэн байдаг. Ийнхүү үндэстний оюун ухаан, ой санамж, сургамж гэх мэт нийгмийн тогтолцоо, хүний мөн чанарыг эргэцүүлсэн сэтгэгч уран бүтээлч болохыг “Философийн ургацууд”, “Философийн суулгацууд” бүтээлүүд нь гэрчилж уран бүтээлийн үзэл баримтлалыг нь нээх бас нэгэн үндэс язгуур, суурь болохоо илтгэсээр байна. Түүнчлэн “Нийгмийн хөгжлийн үндсэн үзүүлэлт нь ард түмний олонхын бодит амьдрал ...оюуны бүтээгч чадварын түвшин” (Урианхай, 2001:9) гэж тунхагласан онолынхоо хүрээнд “эх оронд минь траншейны нэг л хүүхэд байгаа цагт, нэг л гуйлгачин хүн амьдарч байгаа цагт тийм олиггүй төрөөс ямар нэг алдар цол, шагнал авахаас татгалзана” гэсэн зарчимдаа үнэнч байж нийгэмд бугшсан буруу бүхнийг засах үзэл онолоо номлосон нь эрүүл, зүй ёсны үзэгдэл юм. Тиймээс төр засгийн одон медалиас бусдыг буюу МЗЭ тэргүүт мэргэжлийн байгууллага, “Азийн тэргүүн найрагч” зэрэг салбарын үнэлэлтийг зүй ёсоор хүртэж ШУ А-иас Нобелийн шагналд нэр дэвшсэн билээ. Гэхдээ монгол төрийг шүүмжилсэн бус шаардлага тавьсан томоохон сэтгэгч тэрбээр “шагналд дэвшүүлэхгүй байх нь надад шагнал” хэмээн тунхагласнаараа буюу төрөөс одон тэмдэг, албан тушаал горьддоггүй нь үнэний дуу хоолой болох анхдагч, ховорхон хувь хишгийг хүртээсэн нь өнөө төдийгүй өнө хойчид үзэл санааны үнэтэй жишиг тогтоосон юм. “Шаналж бодох, шаналж бичих миний тэмцэл юм” гэсэн нь бодох, бичих хоёр уран бүтээлийн хос жигүүр нь болохоо бататгадаг. “Шувуунд нисэхэд нь тэнгэр, буухад нь газар хэрэгтэй гэдэг” шигээ аливаа үйл явдлын учир шалтгааныг нээсэн урлал зохиолын чанар, чансааг нэмэгдүүлж зохиолчийн авьяас чадвар төдийгүй зан чанар, үзэл баримтлал бүхэнтэй холбогдож байна. Ёс суртахуун, хүн чанарын доройтол нийгмийн сэтгэлгээний уналтад хөтлөн хүнийг хүн биш ===PDF PAGE 11=== 288 ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ XVII (49) боть 2024 болгож байна гэсэн эмзэглэл түүний үзэл баримтлалын бас нэгэн суурь юм. Хүнийхээ тоогоор бус, хөгжлийнхөө үзүүлэлтээр ч бус иргэдийнхээ сахилга журам, эх оронч энэрэнгүй үзэл, ёс суртахууны өндөр хэмжүүрийн чухлыг дэвшүүлдэг сэтгэгч уран бүтээлч болох нь “Бодь сэтгэл, эв хамт ёс...” ном бодрол, бясалгалын нийтлэлээс бүрдэж зохиолчийн үзэл санаа, ертөнцийг үзэх үзэл, нийгмийн амьдралд хандах баримтлал бүхний нь толь гэдгээр тайлбарлагдана. Эл ном хүн бүрийн унших ёстойд зүй ёсоор тооцогдох ч уншигчаа голохоор дээд эрэмбийн бүтээл гэдгийг мартаж болохгүй. Судалгааны үр дүн Энэхүү судалгааны үр дүнд жүжгийн төрөлд дүрийн хэл яриа онцгой үүрэгтэйг зохиолч Д.Урианхайн сэтгэл зүйн драм дахь гүн ухааны хөөрөлдөөнд тулгуурлан тодрууллаа. Ялангуяа жүжгүүдээ хот суурин газар, тэр дундаа гэр, зусландаа тааваар сууж бичдэг нь утга санаа гүн, уран чадвар гүнзгий туурвихад нь нөлөөлсөн төдийгүй “Монголын уран зохиолд хувь нэмэр оруулахын тулд оршино” (Ил товчоо, 1991:25) гэсэн “Бишүби” нэгдлийнхээ зорилтыг биелүүлэхэд түүний жүжгүүд тодорхой хувь нэмэр оруулсныг тодотгон дүгнэв. Дүгнэлт 1. Зохиолч Д.Урианхайн жүжгүүдэд зохиомжийн ур маяг, дүрүүдийн харилцан яриа зохиолын үзэл санаанд онцгой үүрэгтэй төдийгүй ихэвчлэн шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн нь үйл явдлыг дүрслэн тайлбарлах бус яруу найргийн өгүүлэмжээр илэрхийлснээрээ чанарын үзүүлэлттэй юм. Энэ төрлийн жүжиг тайзнаа дэглэх нь найруулагч, жүжигчид төдийгүй үзэгчдээс ч оюуны хүч шаарддаг нь эрэмбэ дээгүүр зохиол, сонгодог жүжгийн мөн чанартай нь холбоотой болно. 2. Нэгэн жарны турш утга зохиолын төрөл зүйл бүрээр өв тэгш туурвиж буй түүний оюун санааны оргил нь тайз, дэлгэцийн бүтээл буюу жүжгийн зохиол юм. Өөрөөр хэлэхэд бүтээл бүрдээ бодрол, бясалгал шингээж бичдэг туурвил зүйн арга барил нь жүжгийн зохиолд нь гүн гүнзгий, далайцтай биеллээ олж шүлэг найраглал, өгүүллэг, туужийн санаа сэдэл тэргүүтэн ч жүжгүүдэд нь гүн гүнзгий, тогтолцоотой багцлагдан мөнхийн сэдэв, санааг шинэ арга хэлбэрээр хөндсөнөөрөө чанарын жин даржээ. 3. Д.Урианхайн гүн ухаан-сэтгэл зүйн драм, Б.Лхагвасүрэнгийн түүхэн, Д.Батбаярын сэтгэл зүйн жүжгүүд тайз дэлгэцийн бүтээл төдийгүй тайзны ярих урлагт онцгой хувь нэмэр оруулж буй нь зохиолчдын авьяас билиг, дүрүүдийн хэл ярианы урлалаар тайлбарлагдана. Өөрөөр хэлэхэд Б.Лхагвасүрэнгийн зарим жүжгийн харилцан яриа үргэлжилсэн хэлбэрээр үзэл санаагаа товч илтгэсэн авсаархан бол Д.Урианхайн драмууд тэр чигтээ ===PDF PAGE 12=== 289 XVII (49) боть 2024 ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ шүлэглэсэн бүтэцтэй, үйл явдал өргөн, хэмжээ далайцын хувьд том байна. 4. Оюун санааны эрэлд бэдчин байж туурвисан түүний бүтээлүүд өөрийн гэсэн уншигчдын хүрээг бий болгож хүний амьдралын эгэл энгийн, эмгэнэлт үйл явдлыг шүүмжлэлт, гүн ухааны санаа, бэлгэдлээр төлөөлүүлсэн онцлогтой юм. Түүнчлэн нийгмийн болон хүний амьдралын мөн чанарыг тухайн цаг үе, сэтгэл зүй, мөн чанараар нь нээхийг зорьсноороо гүн ухааны агуулгаар баяжжээ. 5. Өрнө, дорнын театрын онцлогийг харгалдуулж монгол театрыг шинэ шатанд гаргахад онцгой хувь нэмэр оруулсны зэрэгцээ хүний дотоод ертөнцийг нээх шинэ туршилтуудыг амжилттай нэвтрүүлж чадсан нь реалист, абсурд, экзистенциалист гэх мэт хамгийн олон урсгалаар жүжгийн зохиол бичиж эрэл хайгуулаа үргэлжлүүлж ирсэнтэй нь холбоотой байна. 6. Соёл, шашны хувьд ардчилсан дэвшилтэт үзэлтэй байж туурвил зүйн далайцаараа “Философийн онолч зохиолч” хэмээн нэрлэгдэх болзол хангажээ. Учир нь Д.Урианхайн жүжгүүдийг унших төдийхнөөр ойлгохгүй, бодож, тунгааж гэмээнэ ухаардагт зохиолын үнэ цэн, туурвил зүйн чадамж оршиж уншигчдаас өндөр боловсрол, удаан боловсруулалт шаардах сонгодог түвшинд бүтээгддэг тул “Урианхайн уран бүтээлийг уншъя”, “тайзнаа тоглуулъя” хэмээн уриалан дүгнэж байна. 7. Платон гүн ухааны харилцан ярианы 35 загвар гаргасан бол Урианхайн сэтгэл зүйн жүжгүүд философийн тулгуур ойлголтуудыг бүхэлд нь хөндөхдөө амьдралын эгэл энгийнд буй учир шалтгааныг нээхийг эрмэлзсэнээрээ ялгарч монголын уран зохиолд гүн ухааны бясалгал, харилцан яриаг олон сэдвээр тогтолцоотой нэвтрүүлсэн гавьяатай юм. 8. Гадаадын зохиолчид гүн ухааны ганц нэг асуудлыг хошигнол, егөөдөл, ёжлол зэрэг уран дүрслэлийн аргууд ашиглан тусгай хэлбэрээр бичдэг бол монгол зохиолч шууд утгаар нь мэргэжлийн түвшинд туурвиснаараа утга зохиол дахь философийн асуудалд монгол зохиолчийн оруулж буй хувь нэмэр төдийгүй гүн ухааны сонгодог загварыг хөгжүүлж буй бүтээлч эрэлхийлэл, гүнзгий туурвил болон батжиж байна. Abstract In this article, we deal with Mongolian writer who is Uriankhai D’ s philosophy dialogue of psychological drama. Uriankhai D, a well-known Mongolian poet and writer of dramatic composition, began to try and write Dramatic composition in the 1990s, and in a short period of time he created many significant works that reflect the current situation and the human mind in a philosophical way. The author made philosophical perspectives, research of new forms of expression and the dramatur - gical reform in the development of the key genres of the Mongolian literature. It is observed that Uriankhai’ s work is not only reflected by Mongolians’ reality and their mindset, but it also synthesizes through the author’ s inner world prism the Oriental ===PDF PAGE 13=== 290 ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ XVII (49) боть 2024 thoughts, Buddhist philosophy and ethics, European sedentary, urban culture and sci- entific perceptions. The writer’ s realistic and abstract monodrama, absurd drama and animation-style written by Uriankhai are widely used in the scientific research and wrote metaphysic thoughts of the principles of human existence. Uriankhai is a dis - tinct voice in Mongolian literature, a reformist who has developed his work according to his own metaphysics. Key words: Uriankhai D, drama, character, dialogue, psychological drama, phi- losophy dialogue Abstract In this article, we deal with Mongolian writer who is Uriankhai D’ s philosophy dialogue of psychological drama. Uriankhai D, a well-known Mongolian poet and writer of dramatic composition, began to try and write Dramatic composition in the 1990s, and in a short period of time he created many significant works that reflect the current situation and the human mind in a philosophical way. The author made philosophical perspectives, research of new forms of expression and the dramatur - gical reform in the development of the key genres of the Mongolian literature. It is observed that Uriankhai’ s work is not only reflected by Mongolians’ reality and their mindset, but it also synthesizes through the author’ s inner world prism the Oriental thoughts, Buddhist philosophy and ethics, European sedentary, urban culture and sci- entific perceptions. The writer’ s realistic and abstract monodrama, absurd drama and animation-style written by Uriankhai are widely used in the scientific research and wrote metaphysic thoughts of the principles of human existence. Uriankhai is a dis - tinct voice in Mongolian literature, a reformist who has developed his work according to his own metaphysics. Ном зүй Anton, John P. (1984). Plato, the Creator of Philosophical Dialogues. Essays in Ancient Greek Philosophy II. Edited by John P. Anton & Anthony Preus. Uni- versity of South Florida. Ил товчоо, (1991). сонин. 10-р сарын 11-20. №25 /27/ [IL tovchoo sonin] [Clear bureau newspaper] Ulaanbaatar.2001] Max Rosenbaum, Milton Miles Berger. (1975). Group psychotherapy and group function. Урианхай, Д. (2001). Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөний улс төрийн үзэл онолын Очир үнэнээс цогцолсон Зэндмэнэ Улаанбаатар: Тоонот принт. [Uriankhai, D. Bodi setgel, ev khamt yos- Gantsaarchilsan khudulguunii uls turiin uzel onoliin Ochir unenees tsogtsolson Zendmene] [Compassion and Collective Principle- “Zendmene” theory] Ulaanbaatar Toonot print LLC.2001] ===PDF PAGE 14=== 291 XVII (49) боть 2024 ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ Урианхай, Д. (2018). Зохиолын эмхэтгэл. Жүжиг I, III боть Улаанбаатар: Тоонот принт. [Uriankhai, D. Zokhioliin emkhetgel] [Play I, V olumes III] Ulaan - baatar Toonot print LLC.2018] Урианхай, Д. (2018). Зохиолын эмхэтгэл. Жүжиг II, IV боть Улаанбаатар: Тоонот принт. [Uriankhai, D. Zokhioliin emkhetgel] [Play II, V olumes IV] Ulaan - baatar Toonot print LLC.2018] Цэвээндорж, Д. (2009). Утга зохиолын философичлол хийгээд онолын халуурал. Эрин цагийн шүүмж Улаанбаатар: Greenmirror ХХК. [Tseveen- dorj, D. Utga zokhioliin philosophichlol khiigeed onoliin haluural. Erin tsagi- in shuumj] [Criticism on Epoch] Ulaanbaatar Greenmirror LLC.2009] Open access: This is an open access article distributed in accordance with the Cre- ative Commons Attribution Non-Commercial (CC BY-NC 4.0) license, which permits others to distribute, remix, build upon this work non-commercially, and license their derivative works on different terms, provided the original work is properly cited, ap - propriate credit is given, any changes made indicated, and the use is non-commercial. See: http://creativecommons.org/licenses/by-nc/4.0/.